Монгол Улс “Наурыз” баярын өвийг дэлхийн 12 улсын хамтаар ЮНЕСКО-гийн Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн жагсаалтад 2024 онд амжилттай бүртгүүлж, ийнхүү манай улсын 17 дахь өв болж бүртгэгдсэн юм.
“Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан Казах зон олны “Наурыз” баярыг хүн төрөлхтний соёлын биет бус өвийн жагсаалтад бүртгэгдсэн “БАТЛАМЖ”-ийг өнөөдөр Чингис хааны Үндэсний музейд ёслол төгөлдөр гардууллаа. Тус арга хэмжээнд Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга А.Бегарыс болон Соёл, урлаг аялал жуулчлал, залуучуудын газрын дарга Ч.Өлзийтунгалаг нар оролцож, батламжийг хүндэтгэлтэйгээр гардан авлаа. Түүнчлэн уг баярыг дэлхийн өвд бүртгүүлэхэд хүчин зүтгэсэн доктор, профессор Н.Уртнасанг Баян-Өлгий аймгийн “Хүндэт иргэн” тэмдгээр шагналаа.
Урин хавартай учран золгож буйг бэлгэдэн хотол олноороо өргөн дэлгэр тэмдэглэдэг Казах түмний ёс заншил, өв уламжлал, үндэсний соёлын салшгүй хэсэг болсон “Наурыз” баяр ийнхүү хүн төрөлхтний үнэ цэнд өв уламжлал болж олон улсын соёлын өвийн жагсаалтад бүртгүүлэхэд хүчин зүтгэсэн Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Соёлын өвийн үндэсний төв болон эрдэмтэн судлаачид болох Соёлын гавьяат зүтгэлтэн, ЮНЕСКО-гийн Үндэсний элч, доктор профессор Н.Уртнасан, Соёлын өвийн үндэсний төвийн дарга, доктор Г.Энхбат болон аймгийн үе үеийн удирдлагууд мөн оролцсон бүх байгууллага, хамт олонд гүнээ талархал илэрхийлье.




